41 Түүнчлэн тус Байнгын хороо нь “Монгол Улс дах хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 11 дэх илтгэл”, “Монгол Улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан” зэрэг мэдээ, тайланг Засгийн газар болон холбогдох байгууллагаас авч Хүний эрхийн дэд хороонд шилжүүллээ. 3.Бусад ажлын талаар Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны гишүүд, дэмжигчдийн төлөөллийг Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд, Тамгын газрын удирдлагууд нийт 6 удаа хүлээн авч уулзсан. Дээрх иргэдийн өргөдөл, гомдлын дагуу Хууль зүйн байнгын хороо 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай” тус Байнгын хорооны 2012 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгаж Байнгын хорооны тогтоол баталлаа. Авлигатай тэмцэх газар, цагдаагийн болон бусад хүчний байгууллага Монгол Улсын 3 дах Ерөнхийлөгч, Монгол Ардын Хувьсгалт Намын дарга, иргэн Н.Энхбаярыг 2012 оны 4 дүгээр сарын 12, 13-ны өдөр хууль бусаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул батлан даалтад гаргах тухай иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол болон удирдлагаас чиглэл өгсний дагуу Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд холбогдох байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзан, шуурхай мэдээлэл авч, асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэв. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, гишүүн Х.Тэмүүжин, Р.Гончигдорж нар 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хорооны гишүүн болон Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх Холбооны мэргэжилтэн, олон улсын шинжээчдийг Төрийн ёслолын танхимд хүлээн авч уулзан Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох асуудлаар санал солилцлоо. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран ажиллаж, тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээн дэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар нийт 15 мэдээ, материалуудыг тухай бүр сэтгүүлчдэд өглөө.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw