Чуулганы танилцуулга

119 ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай, түүнийг дагасан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлав. Шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны тасралтгүй байдал, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, улмаар шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй шүүхийн захиргааны тухай ойлголт, түүний чиг үүрэг, эрх хэмжээний асуудал өнөөг хүртэл тодорхойгүй явж ирсэн бөгөөд ялангуяа, шүүхийн захиргааны үндсэн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн тамгын газрын чиг үүрэг бүрхэг, уг байгууллагын үйл ажиллагаанд ач холбогдол өгдөггүйгээс шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн, үр дүнтэй явуулахад хүндрэл бэрхшээл тулгардаг, тиймээс шүүхийн захиргааны байгууллага нь аливаа нөлөөнөөс ангид, удирдлага зохион байгуулалтын хувьд бие даасан, орон тооны байх, тусдаа биеэ даасан хуультай байх зарчмыг үзэл баримтлал болгон энэхүү хуулийн төслийг төсөл санаачлагч боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Энэхүү хуулиар дор дурдсан харилцааг зохицуулна. Үүнд: Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхээс 5 жилийн хугацаатайгаар томилогдсон орон тооны 4 гишүүн, даргаас бүрдсэн Шүүхийн ерөнхий зөвлөлтэй байна. Харин Ерөнхий зөвлөлийн даргыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хуульчдын танхимын дэргэдэх Шүүгчдийн хорооноос 3-аас доошгүй хүний нэр дэвшүүлсний дагуу Хуульчдын холбооны Ерөнхийлөгч томилох юм. Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны байгууллага нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийг хуульчдаас шилж олох, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, шүүхийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн байршлыг тогтоож, шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг боловсруулах, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг гаргах, шүүхийн Мэргэшлийн болон Ёс зүйн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалтаар хангах, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах зэрэг үндсэн чиг үүрэгтэй байхаар хуульчиллаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw