116 Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль бусад ихэнх улс орнуудад байдаг бөгөөд энэ нь ихэвчлэн тухайн улсынхаа стратегийн ач холбогдол бүхий салбар болон үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгж, компани, эсвэл хөрөнгө оруулалтын хэмжээнээс нь хамаарах гэх мэт нэлээд олон шалгуураар зохицуулдаг байна. Манай улс эхний ээлжинд эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбараа үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдол бүхий салбар гэж тодорхойлж байгаа бөгөөд цаашид шаардлагатай гэж үзсэн салбарыг стратегийн ач холбогдолтой салбарт хамааруулах асуудлыг тухай бүр нь Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхаар зохицуулсан болно. Мөн гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн энэ хуульд хамаарах хэлцэлтэй холбоотойгоор нөгөө талд шилжүүлсэн төлбөрөөсөө Монгол Улсын татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар суутгаж, Монгол Улсын төсөвт шилжүүлж байх, стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж нь аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг худалдан авахдаа Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжид давуу эрх олгох бөгөөд ийнхүү давуу эрх олгох журмыг Засгийн газар батлахаар тусгасан. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх бөгөөд энэ хууль батлагдан гарснаар манай улсын үндэсний эрх ашиг тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдлаа хангахад чухал ач холбогдолтой алхам боллоо гэж үзсэн. Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Э.Түвшинжаргал
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw