Чуулганы танилцуулга

115 СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИД ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Батбаяр, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Н.Ганбямба, Э.Мөнх-Очир, Д.Ганхуяг, З.Алтай нарын гишүүдээс Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталсан. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээдийн Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтыг зохицуулах, тэдгээрт зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ хуулийн зорилго оршиж байгаа юм. Өнөөдөр манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагчдад хувьцаа болон бусад үнэт цаасыг худалдан авах, шууд хөрөнгө оруулалт хийх, аж ахуйн нэгж, салбар төлөөлөгчийн газраа дангаараа буюу хамтарсан компанийн хэлбэрээр байгуулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, тогтвортой байдлын гэрээ байгуулах, тааламжтай нөхцөл олгох зэрэг тэдний үйл ажиллагааг дэмжсэн нэлээд олон хууль эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. Энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн хязгаарлалт шууд тогтоохгүй бөгөөд харин гадаад улсын төр, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх тохиолдолд болон гадаадын хөрөнгө оруулагчид нь эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо гэсэн гурван салбарт үйл ажиллагаа эрхлэх, эсхүл эрхэлж байгаа компанийн хувьцааг эзэмших тохиолдолд уг салбар нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбар учраас Засгийн газраас тус тус зөвшөөрөл авч байх зохицуулалт хийгдсэн. Мөн энэ хуульд заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгнөөс давсан тохиолдолд эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарахаар байвал, үүнтэй холбогдох зөвшөөрлийн асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэж байхаар хуульчлагдсан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw