107 ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Хог хаягдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2012 оны 01 дүгээр сарын 25ны өдөр өргөн мэдүүлсэнийг Улсын Их Хурал 2012 оны 05 дугаар 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Хог хаягдлын үүсэлтийг бууруулах, хоггүй технологийг нэвтрүүлэх, үүссэн хог хаягдлыг тухайн зорилгоор нь болон өөр зорилгоор эргүүлэн ашиглах, боловсруулж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар байгалийн нөөц баялагийг хэмнэхэд чиглэсэн бодлогыг дэлхий нийтэд баримталж, олон улсад 3R-ын буюу хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах зарчмыг хэрэгжүүлж байна. Иймд олон улсад үр дүнгээ таниулсан хог хаягдлын менежментийг сайжруулах 3R-ын зарчмыг манай улсад нэвтрүүлэх зорилгоор энэхүү хуульд уг зарчмыг дараах байдлаар тусгалаа.Үүнд: 1/хог хаягдлыг эргүүлэн ашиглах, дахин боловсруулах болон зохистой аргаар устгах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын төдийгүй айл өрхийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хаяж байх зохицуулалтыг хийлээ. Ингэхдээ хог хаягдлын ангиллыг олон улсын жишгээр ангиллаж, ямар эх үүсвэрээс ямар төрлийн хог хаягдал үүсэх, энэ хог хаягдал нь хор аюулаараа ямар зэрэглэлд хамаарахыг тогтоосон жагсаалтыг холбогдох байгууллага батлахаар тусгасан нь аюултай болон аюулгүй хог хаягдлыг ангилан, салгах менежментийн ялгавартай зохицуулалтыг бий болгож, хог хаягдлын төлбөр тооцох боломжийг бүрдүүлсэн. 2/төвлөрлийг сааруулах үүднээс нутгийн захиргааны байгууллага буюу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн нутаг дэсгэрт мөрдөх хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журам батлаж мөрдүүлэхээр мөн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нутаг дэвсгэртээ мөрдөх хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож, хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж байхаар, уг хөрөнгийг зөвхөн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг санхүүжүүлэх, урамшуулах, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх зориулалтаар захиран зарцуулах зохицуулалтыг хуульд нэмж тусгасан. Харин аюултай хог хаягдал устгах үйл ажиллагааг Засгийн газраас баталсан журамд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгуулага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч гэрээ байгуулсны үндсэн дээр гүйцэтгэж байхаар зохицуулалтыг хийлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw