95 БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА /Шинэчилсэн найруулга/ Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад байгаль орчны үнэлгээний ангилал, үнэлгээний чанар, ерөнхий шаардлага, үнэлгээнд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, үнэлгээний явцыг олон нийтэд мэдээлэх, стратегийн болон нөлөөллийн үнэлгээний тайланд олон нийтийн санал авах, хэрэгжилтэд хяналт тавих, хянан магадлагаа хийхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр дараах өөрчлөлтүүдийг оруулсан болно. Үүнд: 1/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ангилалыг шинэчилэн тодорхойлж, шинээр байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний нэр томьёог оруулж, холбогдох зохицуулалтыг хуульчилсан. 2/байгаль орчныг хамгаалах нэгдмэл ойлголт, шаардлагыг төлөвшүүлэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүрэг хариуцлагыг өндөржүүлэх шаардлагаар 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орчныг хамгаалах үүргийг хэрэгжүүлэх баталгаа болгон байршуулдаг баталгааны хөрөнгийн тусгай дансны зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд тусгасан. 3/банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллага нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх үүрэг хүлээх шаардлагыг шинээр оруулсан. 4/байгаль орчны үнэлгээний холбогдох журам, стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журмыг Засгийн газар батлахаар тусгасан. 5/байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог, ялангуяа нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор олон нийтийн оролцооны талаар тусгай бүлэг оруулж, олон нийтийн оролцооны журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар шинээр оруулсан. 6/биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах нэр томьёог шинээр томьёолж томоохон төслүүдэд дүйцүүлэн хамгааллын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах шаардлагыг тусгасан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw