Чуулганы танилцуулга

15 НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас 2012 оны ээлжит бус хуралдаанаараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тус тус баталжээ. Улсын Их Хурлаас дээр дурдсан хуулийг батлан гаргасан явдал нь дараах үндэслэлтэй билээ. Өнөөдөр тэтгэврийн даатгалын сангаас 213,2 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байна.Үүний 80,5 мянга буюу 37,8 хувь нь 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон, 80,2 мянга буюу 37,6 хувь нь 1995 оноос хойш тэтгэвэрээ тогтоолгосон боловч 1995 оноос өмнөх цалин хөлс, орлогоо сонгосон байна. Ийнхүү өндөр насны тэтгэвэр авагчдын 75,4 хувийг эзэлж байгаа 160,7 мянган иргэн нь 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодуулж тэтгэврээ тогтоолгожээ. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилан өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсан хуулиудын агуулгаар авч үзвэл тэтгэврийн зөрүү арилгах тооцоонд 160,7 мянган иргэн хамрагдаж байна. Иймд дээр дурдсан иргэдийн эрх ашгийг хамгаалж, Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх үеийн болон мөн үеийн цалин хөлс, орлогоос нь тооцсон буюу нийт 160 гаруй мянга иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлогыг 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бөгөөд шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тогтоож байх. Түүнчлэн дээр дурдсан цалин хөлс, орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоож, улмаар итгэлцүүрийг хэрэглэх журмыг холбогдох асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар нэмэлт орууллаа. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw