Чуулганы танилцуулга

112 ГАДААДЫН ЗАРИМ ОРОНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛИЙН ГАЗАР НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 5.1.8-д "Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг тууштай хамгаалж, Монгол иргэдэд туслах сан байгуулан, консулийн албыг өргөжүүлэн бэхжүүлнэ" гэж заасан, мөн түүнчлэн гадаад орны томоохон хот, бүс нутагт 5000-аас дээш тооны иргэн нь амьдарч буй тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн оронд Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулдаг олон улсын жишиг тогтсон зэрэгт үндэслэж АНУ-ын Сан Франциско хот, Япон улсын Осака хот, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Ерөнхий консулийн газрыг нээн ажиллуулах, консулын үйлчилгээ үзүүлж эхлэх зайлшгүй шаардлага бий болсон байна. АНУ-д ойролцоогоор манай улсын 25000-27000 орчим иргэн, тэдний 15000 гаруй нь баруун эргийн хотуудад, Япон улсад манай улсын 2000 орчим иргэн сурч, ажиллаж, амьдардаг, БНХАУ-ын Гонконг, Макао хотод жилдээ манай улсаас 4-5 мянган иргэн зорчдог гэсэн албан бус тоо баримт байдаг байна. Үүний дагуу Засгийн газраас дээрх 3 оронд Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн ба Улсын Их Хурлын чуулганы 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр "Гадаадын зарим оронд Монгол Улсын Ерөнхий консулийн газар нээн ажиллуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Уг тогтоол батлагдсанаар АНУ, Япон улс, Гонконг хотод ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн орчин сайжрахаас гадна иргэдэд иргэний байдлын бүртгэл, нотариат, консулийн үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу хөнгөн шуурхай үзүүлэх, иргэдэд туслах сан байгуулах, иргэд тухайн улс оронд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, гадаад паспорт болон иргэдийн бусад бичиг баримтыг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс бусад улстай консулын харилцаа хөгжүүлэх, олон улсын байгууллагуудтай, мөн дотоод, гадаадын төрийн бус болон хүний эрх, өмгөөлөл, нотариатын байгууллагуудтай хамтран ажиллах, иргэдийн нийгэмлэг, үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллах, хууль бусаар зорчих, оршин суух, гэмт хэрэг үйлдэх, хүн худалдах зэрэг сөрөг үзэгдэлтэй тэмцэх, консулийн албыг бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Нарантуяа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw