Чуулганы танилцуулга

109 ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Их Хурал нь “Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Уг хуульд өөрчлөлт оруулах доорх шалтгаан байсныг тэмдэглэх байна. 1.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу дээрх албан тушаалтны цалингийн хэмжээг тухай бүр Улсын Их Хурал тогтоол гарган шийдвэрлэдэг байв. 2.Дээрх заалтыг хэрэгжүүлэх явцад төрийн албан хаагчдын цалин хөлсийг нийтээр нэмэгдүүлэх бүрт Улсын Их Хурал дээр дурдсан албан тушаалтны цалин хөлсийг шинэчлэн тогтоох асуудлыг авч хэлэлцэх шаардлагатай болдогоос гадна төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг Улсын Их Хурлаар хэлэлцэх үед гишүүд өөрсдийн цалин хангамжаа нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ гэсэн таагүй шүүмж олон нийтийн дунд гаргах хандлага ажиглагддаг байлаа. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх тухай бүр энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах бус харин Засгийн газар шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуулиар төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоож, энэ итгэлцүүрээр тэдний цалинг Засгийн газар тогтоож байхаар боллоо. Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр гэдэг нь төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалинг төрийн захиргааны албан тушаалын хамгийн өндөр зэрэглэлд хамаарах яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын хамгийн өндөр шатлалын цалинтай харьцуулсан тоон илэрхийлэл юм. Ийнхүү Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоол батлагдан төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталсан. Хууль, тогтоол батлагдснаар төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох асуудал шат дамжлагагүй, шуурхай зохицуулагдах боломжийг бүрдүүлж өглөө. Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Энхгэрэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw