96 МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА 2002 онд батлагдан мөрдөгдөж ирсэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавьж, зохицуулалт хийхэд ач холбогдлоо өгч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисод тавих хяналт сайжирч байгаа боловч хууль бус хэрэглээ болгох явдал дэлгэрч байгаа тул мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрийн зохицуулалтыг улам боловсронгуй болгох шаардлага гарч байна. Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл"-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсан. Монгол Улсын Засгийн газраас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлан боловсруулж, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлан гаргалаа. Хуулийн агуулга Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 6 зүйлтэй бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлээр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 2 зүйл, 4 хэсэг, 5 заалтыг өөрчлөн найрууллаа. Эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний угтвар бодисыг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг ашиглаж болох зохицуулалт орууллаа. Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор үйлчлэхээр, хүн амын тоог харгалзан мансууруулах эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сангийн тоо, байршлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тогтоож байхаар зохицууллаа. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн угтвар бодисыг үйлдвэрлэх, эм ханган нийлүүлэх байгууллагын худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгохоор, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг гарган авахад ашигладаг химийн бодисыг ашиглах,импортлох тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.3-ын химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах гэсний дагуу олгохоор тус тус зохицуулж өглөө.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw