
Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Парламентын номын сангаас Монголын Их, Дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн ажилтнуудад зориулан “Парламентын боловсрол ба номын сангийн мэдээллийн нөөц” сэдэвт арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 11, 14-ний хооронд зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтийн үеэр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор (Ph.D) профессор Г.Туяагэрэл номын санчдад хандан “…оюутан, сурагчдад парламентын талаарх зөв, баталгаатай мэдээллийг хүртээмжтэй хүргэх, улмаар ирээдүйн иргэдийн ардчилал, парламентат ёс, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг” гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэв.
Номын сан нь зөвхөн ном, хэвлэмэл бүтээлийг хадгалах олгох орон зай бус, оюутан сурагчдын мэдлэгийг олж авах, судлан шинжлэх, бие даан суралцах чухал орчин билээ. Иймээс парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд сургуулийн номын сан, номын санчдын оролцоо чухал ач холбогдолтой юм.
Бүх шатны сургуулийн номын санчдад хүүхэд, залуучууд, олон нийтэд парламентын үйл ажиллагаа, ардчилал, хууль тогтоох үйл явцын талаар ойлголт өгөхөд чиглэдэг парламентын үйл ажиллагааны талаарх ойлголтыг оюутан, сурагчдад нас, боловсролын түвшинд нь тохируулан хүргэх арга зүй, мэдлэгийг олгов.
Мөн парламентын номын сангийн үйл ажиллагаа, уншигчдад үзүүлж буй үйлчилгээ, тус номын сангийн цахим каталог https://catalog.parliament.mn болон цахим хэлбэрт шилжүүлсэн ном, сонин, сэтгүүл, эмхэтгэл, цахим мэдээллийн нөөц болон тэдгээрийг ашиглах боломжийг танилцуулж, сургалт, судалгаа болон оюутан, сурагчдад мэдээлэл хүргэхэд эдгээр нөөцийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар практик мэдээлэл өглөө.
Арга хэмжээнд оролцогсод суралцагчдын судалгаа, танин мэдэхүйн үйл ажиллагаанд парламентын номын сангийн мэдээллийн нөөцийг хамтран ашиглах, парламентын боловсролын талаарх мэдлэгийг номын сангийн үйлчилгээнд уялдуулан хүргэх, хамтран ажиллах талаар санал солилцов.
Тус арга хэмжээний үр дүнд оролцогч номын санчид парламентын талаарх суурь мэдлэгээ нэмэгдүүлж, парламентын номын сангийн мэдээллийн нөөц, үйлчилгээг ашиглах, улмаар олж авсан мэдлэг, мэдээллээ сурагч, оюутнуудад түгээн хүргэх боломж бүрдэх юм.