НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН - 2025 20 Хяналт шалгалтын талаар ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН 19 ГАЗРЫН ХИЛ ЗААГИЙГ ТОГТООЛОО “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудын хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 321 дүгээр захирамжаар байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Мөнгөнцогийн Ганхүлэг, гишүүдээр Хүрэлбаатарын Баасанжаргал, Мягмарсүрэнгийн Бадамсүрэн, Ганзоригийн Лувсанжамц, Мягмардашийн Сарнай, Сүхбаатарын Эрдэнэболд нар ажилласан. Ажлын хэсгийн ажиллах хугацаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаар тушаалаар “Байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох” асуудлыг шуурхай судалж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг байгуулсан бөгөөд 4 удаа хуралдаж хил зааг тогтоох асуудлаар дүгнэлт гарган ажилласан. Улмаар Засгийн газраас 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” 106 дугаар тогтоолыг баталж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолын хүрээнд байгалийн нөөц болон дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан 19 газрын хил заагийг тогтоосон байна. Энэ тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилт хангагдан улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 20.8 хувьд хүрсэн байна. Улсын Их Хурлаас Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэлийг сонсох хүрээнд: 1.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сонссон. 2.Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонссон. 3.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сонссон.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5