Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 141 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ТАЛААРХИ ЗАРИМ ОРНЫ ЗОХИЦУУЛАЛТ /Лавлагаа, мэдээлэл/ К.Пүрэвсүрэн, Б.Хатантуул/LLM/, Ш.Хишигсүрэн/LLM/ Үндсэн хуулийн цэц /шүүх, зөвлөл/-ийн шийдвэрийн талаархи Турк, Франц, Испани, Казакстан, Австри, Польш Улсын зохицуулалт 1. Турк Улс Бүгд Найрамдах Турк Улс нь эх газрын эрх зүйн тогтолцоотой, парламентын нэг танхимтай, нэгдмэл улс юм. Энэ талаараа манайхтай нэлээд төстэй. БНТУ-ын Үндсэн хуулийн 146-153 дугаар зүйлд Үндсэн хуулийн шүүхийн байгуулалт, түүний бүрэн эрх, үйл ажиллагааны талаархи асуудлыг зохицуулсан байна. БНТУ-ын Үндсэн хуулийн 148 дугаар зүйлд Үндсэн хуулийн шүүх нь хууль, хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр тогтоол болон Туркийн Үндэсний Их Хурлын дотоод дэгийг Үндсэн хуулийн хэлбэр болон агуулгад нийцэж байгаа эсэхэд хяналт тавихаар заасан байна. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн хэлбэрийн хувьд хянадаг. Гэвч онцгой байдал, онц байдал болон дайны байдалд гаргасан хууль адил хүчин төгөлдөр тогтоолыг хэлбэр болон агуулгын хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй гэж заасан байна. БНТУ-ын Үндсэн хуулийн 153 дугаар зүйлд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг зохицуулсан бөгөөд үүнд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эцсийнх байна. Тухайн хүчингүй болгосон шийдвэрт Үндсэн хуулийн шүүх үндэслэлийг заавал дурдана. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг Төрийн хэвлэлд нийтэлснээр тухайн хэм хэмжээг хүчингүй болсонд тооцно. Түүнчлэн хүчингүй болгох өдрийг тусгайлан зааж өгч болох боловч энэ хугацаа нь нэг жилээс ихгүй байна. Үндсэн хуулийн шүүхийн байгуулалт болон чиг үүргийн тухай 1983 оны 2949 дугаар хуульд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн талаар зохицуулсан байна. Үндсэн хуулийн шүүхийн байгуулалт болон чиг үүргийн тухай хуулийн 53 дугаар зүйлд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Шийдвэрийг хянан шалгасан эсхүл шүүх хэлэлцэхэд оролцсон дарга болон гишүүд гарын үсэг зурах бөгөөд эсрэг саналтай байгаа нь эсрэг саналаа тайлбарлана. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд үндэслэлийг нь тайлбарлана. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг Төрийн сонинд даруй хэвлэх бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх байгууллага, захиргааны алба, хувь хүн болон хуулийн этгээд дагаж мөрдөх ёстойг Турк Улсын Үндсэн хуулийн 153 дугаар зүйлийн 6 дахь заалт болон Үндсэн хуулийн шүүхийн байгуулалт болон чиг үүргийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд тус тус тусгайлан зохицуулсан байна. Нөгөө талаас Туркийн Үндэсний Их Хурлын дотоод дэгт Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг Туркийн Үндэсний Их Хурлаар тусгайлан авч хэлэлцэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй байна. Иймд эрх зүйн зохицуулалтын хувьд Турк Улсын Үндсэн хуулийн шийдвэр эцсийнх байх бөгөөд түүнийг Төрийн сонинд албан ёсоор нийтэлдэг байна. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хууль тогтоох болон бусад байгууллагад танилцуулах талаар ямар нэг эрх зүйн зохицуулалт олдсонгүй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw