Судалгааны эмхэтгэл-боть 6

[БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ] Боть-6 129 ҮНДЭСНИЙ ЦӨӨНХИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААР /Лавлагаа, мэдээлэл/ Р.Хатанбаатар Олон улсын эрх зүйн актуудаар тэгш эрх, улс төрийн эрхийн зарчмыг тунхаглаж, үндэстний шинж тэмдгээр ялгаварлан гадуурхахыг хориглосон нь үндэсний цөөнхийн зүгээс тухайн орны голлох үндэстэнтэй адил тэгшээр улс төрийн амьдралд оролцох эрх зүйн тодорхой суурийг бүрдүүлнэ. Гэхдээ энэ нь тухайн улс орон, үндэстэн бүрийн хувьд өөр өөрөөр хэрэгжсээр иржээ. Үндэсний цөөнхийн зүгээс улс төрийн амьдралд оролцох эрх зүйн олон төрлийн зохицуулалт байдгаас зөвхөн парламентын сонгуультай холбоотой дараахь зохицуулалтын хэлбэрүүд байдаг байна. Үүнд: - Сонгуульд оролцоход нь давуу байдал олгох систем - Парламентын суудлын квот тогтоох - Парламентад үндэстнүүдийн төлөөллийн пропорци тогтоох. 1. Сонгуульд оролцоход нь давуу байдал олгох систем нь юуны өмнө бага санал авсан намууд парламентад ороход саад болдог шаардлагуудаас үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалсан намуудыг чөлөөлөхөд оршдог. Тухайлбал, ХБНГУ-д ийм практик байдаг. Эдний Холбооны сонгуулийн хуулиар муж улсын жагсаалтаар суудал хуваарилахдаа бүх Германы нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгогчдын 5 хувиас доошгүй хоёрдугаар санал авсан нам юмуу 3-аас доошгүй сонгуулийн тойрогт депутатын мандат авсан намуудыг оролцуулдаг боловч үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалсан намуудыг энэ шаардлагаас чөлөөлдөг байна. (ХБНГУ-д Холбооны сонгуулиар сонгогч бүр нэгдүгээр саналаа тухайн сонгуулийн тойргоор, хоёрдугаар саналаа улсын хэмжээний сонгуулийн жагсаалтаар тус тус өгдөг). Энэхүү давуу байдал олгох системийг гол төлөв сонгуулийн холимог тогтолцоо бүхий холбооны улсуудад хэрэглэдэг байна. 2. Цөөн хүнтэйн улмаас парламентад нийтийн адилаар өөрийн төлөөлөлтэй болох бололцоогүй үндэсний цөөнхид зориулсан өөр нэг хөнгөлөлт бол квот тогтоох арга юм. Сонгуулийн процесст квот тогтоох арга нь дэлхийн практикт нилээн өргөн хэрэглэдэг арга болно. Тухайлбал, парламент дахь үндэсний цөөнхийн төлөөллийн квот дэлхийн 50 гаруй улсад байдаг байна. - Парламентын доод танхимдаа үндэсний цөөнхийн төлөөлөлийн (1-ээс 10 хүртэл суудал) квоттой Бельги, Дани, Энэтхэг, Иран, Итали, Казахстан, БНХАУ, Пакистан, Португал, Хорват, Румын, Словени зэрэг 35 улс - Парламентын дээд танхимдаа үндэсний цөөнхийн квоттой 17 улс тус тус байдаг байна. Ер нь квотын хэд хэдэн хэлбэр байдаг. Үүнд: - Бельгид Сенатын 71 суудлаас 21-ийг нь фламанд, франц болон герман хэлтний Нийгэмлэгүүдийн Зөвлөлөөс сонгодог. - Их Британийн Лордуудын танхимын 26 гишүүн нь шашны зүтгэлтнүүд байна. - Казахстанд парламентын доод танхимын 107 суудлын 9 нь Казахстаны Ард түмнүүдийн Ассамблейд ноогдоно. Уг Ассамблейд шашны 45 үндсэн конфессийг дагадаг Казахстаны 130 үндэстэн ястны төлөөлөл ордог байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw