370 “ПАРЛАМЕНТ” ÑÓÄÀËÃÀÀÍÛ ÝÌÕÝÒÃÝË XXХVII áîòü 370 УДИРТГАЛ Улсын Их Хурлын гишүүний захиалгаар “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын туршлага ба эрх зүйн орчин” сэдэвт судалгааны ажлыг Парламентын судалгааны хүрээлэнд гүйцэтгэв. Судалгааны зорилго: Цахим орчинд үйлдэгдэж буй кибер гэмт хэргийн талаарх нийтлэг ойлголт, гэмт хэргийн төрөл, хэлбэр, цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаарх олон улсын зөвлөмж, бусад орнуудын туршлага болон эрх зүйн орчныг харьцуулан судлах. Судалгааны хүрээ: Судалгаанд кибер аюулгүй байдал, цахим гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх бодлого, стратеги, эрх зүйн орчин сайтай өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, ИБУИНХУ, БНСУ, Малайз, Япон, Герман зэрэг 6 орныг сонгон авч бодлого, эрх зүйн орчны хүрээнд харьцуулан судлав. Эдгээр орнуудын цахим орчин дахь гэмт хэргийн нөхцөл байдал, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр баримталж буй бодлого, стратеги төлөвлөгөө болон институциональ тогтолцоо, эрх зүйн орчны асуудлуудыг авч үзсэн. Түүнчлэн сэдвийн хүрээнд кибер аюулгүй байдлыг хангах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын холбогдох байгууллагуудаас гаргасан зөвлөмж, олон улсын гэрээ, конвенцууд болон уг асуудалтай холбоотой олон улсын нэр томьёоны тодорхойлолт, үндсэн ойлголтуудыг авч үзсэн болно. Судалгааны бүтэц: Судалгааны мэдээллийг дараах 4 бүлэг асуудлын хүрээнд ангилан боловсруулсан: - Кибер гэмт хэрэг, халдлагын тухай ерөнхий ойлголт - Кибер аюулгүй байдлын олон улсын зохицуулалт - Монгол Улс дахь кибер аюулгүй байдал - Гадаадын зарим орны туршлага СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн нэр төрөл, арга, хэлбэр улам нарийсч, ийм төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байна. Иймд дэлхийн улс, орнууд кибер гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний бодлого стратегиа тодорхойлж, хүний нөөцөө бэлтгэх, хамгаалалтын дэд бүтэц бий болгох, байгууллага бүр дотооддоо бодлогын баримт бичиг, журам заавар батлан мөрдөх, эрсдлийн үнэлгээ хийх, аудит дээр суурилсан хамгаалалтын шийдлүүд гарган хэрэгжүүлэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний тогтолцоогоо бий болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэхээс гадна бүх нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх гэх мэт арга хэмжээнүүдийг авах замаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байна. Судалгааны нэгдүгээр бүлэгт, кибер гэмт хэрэг, кибер халдлагын тухай ерөнхий ойлголт, мэдээллийг оруулсан. Системийн сул талыг ашиглан хувь хүн, аж ахуйн нэгж, цаашлаад улсын нууцын зэрэглэлтэй мэдээлэл рүү нэвтэрч халдлага үйлдэх гэмт хэргүүд ихээр гарах болсон. Иймд цахим гэмт хэргийн нэр төрөл, халдлагын хэлбэр, халдлага үйлдэх арга замуудын талаар олон улсын хэмжээний зарим гол ойлголтууд болон нэр томьёоны тодорхойлолтыг энэ бүлэгт авч үзсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw