95 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1.Монгол Улсын Үндсэн хуульд гэмт хэрэг үйлдэх гэсэн ойлголт, гэмт хэрэг үйлдэж шүүхээр нотлогдох буюу тогтоох, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэсэн ойлголтыг ялгамжтайгаар дараах байдлаар тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалтад “... Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;” гэж, мөн зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэж, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” гэж тус тус заажээ. Хууль тогтоогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Үндсэн хуулийн дээрх заалтыг гол удирдлага болгож буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн ойлголт, гэмт хэрэг үйлдсэн гэх ойлголтыг тус тусад нь ялган хуульчилсан. Тухайлбал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн ойлголтыг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт, гэм буруутай этгээдийн талаар тодорхойлон тусгасан бол гэмт хэрэг үйлдсэн гэсэн ойлголтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүх хуралдааны явцад хэрэглэгдэхээр буюу гэм буруугийн асуудалтай холбоогүй байдлаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ... байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.” гэж, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ..., түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ... таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” , 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... яллагдагчид ... дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.” гэж тус тус заасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн фактад процессын шийдвэр гаргах буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагдах үндэслэл болж байгаагаас бус мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсан шүүхийн өмнөөс яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа хэрэг огт биш юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5