94 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Э.Ганхөлөг, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Дагиймаа нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Үүнд: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Яллагдагч, шүүгдэгч гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдэх магадлалтай боловч энэхүү үйлдлийг нь “дахин” гэдэг утгаар авч үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Өмнөх гэмт хэргийнх нь гэм буруутай эсэхийг нь шүүх тогтоосон тохиолдолд л дахин гэмт хэрэг гэдэг ойлголт яригдах нь зүйтэй. Шалгагдаж байгаа гэмт хэрэг дээрээ гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шууд “дахин” гэж авч үзэж байгаа нь яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа, цаашлаад гэмт хэрэг тулгах, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал юм. Гэм буруутай нь тогтоогдсон шүүхийн тогтоол гараагүй байхад яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж шууд үзэж, давхар “дахин” гэдэг ойлголтоор хүний тодорхой эрхүүдийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн нэр томьёо орсон 14.2 дугаар зүйлийн 2, 14.5 дугаар зүйлийн 1, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэж заасныг ... зөрчөөгүй гэж үзэн дараах тайлбарыг хүргүүлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5