77 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;” хэмээн хуульчилсан билээ. Мөн тус хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” хэмээн заажээ. Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрх нь улс төрийн эрхийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын эрх зүйн чадамжтай, сонгуулийн эрх бүхий иргэн нийтээрээ эдлэхээр, харин сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тухайн албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар тогтоож болдог. Энэ нь үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хязгаарлалт бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Сонгогдох эрх нь туйлын эрх биш тул сонгуульд нэр дэвшигчид буюу сонгогдох эрхээ хэрэгжүүлэгч иргэнд шалгуур, болзол, нөхцөл тогтоох нь сонгох эрхийг баталгаажуулахад чиглэгддэг бөгөөд ийнхүү тогтоохдоо Үндсэн хуульт, ардчилсан ёсыг хамгаалах хууль ёсны зорилгод нийцсэн, үндсэн хуулийн эрх зүйн “хэмжээ хэтрэхгүй” байх зарчмын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн хүрээнд хуулиар тодорхойлох боломжтой байна. 2. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 58/4 тоот тогтоолоор баталсан Авилгалын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцид Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэгдэн орж, Улсын Их Хурлаас соёрхон баталсан байна. Улмаар авлигатай тэмцэх зорилго бүхий Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан байх бөгөөд хэрэгжилтийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5