74 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хууль хүн бүрд тэгш үйлчлэх учиртай бөгөөд энэ үүднээс төрийн жинхэнэ албан хаагч нь авлигын гэмт хэрэгт шийтгүүлээд төрд ажиллах эрхгүйтэй адил төрийн улс төрийн албан тушаалтан шийдвэр гаргагч бол авлигын гэмт хэрэгт холбогдоогүй, ял шийтгэлгүй байх ёстой зарчим ижил үйлчлэх ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хэн нэгэн этгээд өөрийн эрх нөлөө, давуу байдлаа ашиглан үйлддэг гэмт хэрэг юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглохоор оруулсан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. ...” гэж заасны дагуу сэжиглэгдэж, шалгагдаж байгаа аливаа этгээдэд хамаарах бус шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд хамаарах зохицуулалт юм. 2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд ялтайд тооцох хугацаа гэсэн зохицуулалтыг хассан учир авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хүмүүст нэр дэвших хязгаарлалт байх ёстой. Түүнчлэн нэр дэвшигчид хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх болон сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчдыг тодорхой хугацааны өмнө ажлаас нь чөлөөлөгдсөн байх шаардлагыг тавьдаг нь иргэн, улс орны нийтлэг эрх ашгийг ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр төлөөлж чадна гэдгийг батлан харуулах нэг нөхцөл юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон зохицуулалт нь төрийн дархлааг бэхжүүлэх, иргэд, олон нийтийн эрх ашгийг эрхэмлэн баримтлах хүнийг сонгох бололцоог иргэдэд олгож байгаа чухал зохицуулалт юм. Улс төрд хариуцлагын тогтолцоо сул, төрийн алба хашиж байгаа улс төрчдийн хувьд хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа ашиглан авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байгаагаас иргэдийн төрд итгэх итгэл алдагдаж байна. Энэ нь нөгөө талдаа иргэдийн хуулийг дээдлэн, сахин биелүүлэх ухамсарт сөргөөр нөлөөлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5