515 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад “газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин”, 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин, биет нэгж 1 тонн, 6 дугаар зүйлийн 6.1.10 дахь заалтад газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосины биет нэгжийн 1 тонн тутамд 285 000 төгрөг гэж тус тус заасан нь үндэсний үйлдвэрлэл хөгжих боломжийг хааж, импортлогчид давуу байдал бий болгох, татварын дарамтад оруулах, зах зээлийн үнэ өсгөх, судалгаа нотолгоогүй хандсан зүйл биш юм. Энэхүү газрын тосны дайвар бүтээгдэхүүн болон керосинд татвар ногдуулах нь хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учирч болох олон тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн, шударга ёсонд нийцсэн, энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн бодит байдлыг хангах хуулийн зохицуулалт юм. Онцгой албан татвар бол бохирдуулагч зүйлд буюу хүн, байгальд сөрөг нөлөөтэй аливаа бараа, үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдуулдаг татвар юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үр дүн нь хүний эрүүл мэнд, эдийн засаг, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг архи, тамхи, шатахуун зэрэг онцгой объектод ногддог татвар. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүний зарим үйлдвэрлэлд газрын тосны дайвар бүтээгдэхүүн, керосин зэргийг хольж найруулан хямд зардлаар стандарт бус шатахууныг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх явдал гарсаар байгаа. Энэ нь нэг талаараа хямд өртөгтэй бүтээгдэхүүн гаргаж байгаа мэт боловч холбогдох эрх бүхий байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар уг найруулсан шатахуун нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ялгаруулж буй хорт бодисын хэмжээ асар өндөр, эргээд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн явах эд ангийг муутган эвдрэлд оруулж асар их эдийн засаг, санхүүгийн хохирол учруулж байгаа талаар холбогдох салбарын яам, мэргэжлийн хяналтын газраас мэдээлж ирсэн. Энэ ч агуулгаар уг бохирдуулагч ихтэй бүтээгдэхүүний хэрэглээг татварын бодлогоор хязгаарлах нь төрөөс иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн чухал бодлого гэж үзэж, холбогдох газрын тосны дайвар бүтээгдэхүүн, керосинд онцгой албан татварыг ногдуулсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5