514 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн талаар хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Хоёр. Монгол Улсын иргэн Г.Ганцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурал 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан онцгой албан татвар ногдуулах барааны жагсаалтад 4.1.5 дахь заалтаар “газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.” гэж нэмсэн байна. Мөн хуульд газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно гэж тайлбарлажээ. Ийнхүү тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 10-т зааснаар “Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосины биет нэгжийн 1 тонн тутамд 285 000 төгрөгөөр хатуу тогтоож, онцгой албан татвар ногдуулахаар хуульчилсан. Монгол Улсын Их Хурал аливаа хуулийн төслийг боловсруулахдаа судалгаа, нотолгоо үр дүнд суурилж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тооцох ёстой байтал төсөв бүрдүүлэх зорилгоор, шууд хатуу тогтоосон татвар ногдуулах замаар зөвхөн түүхий эд импортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарыг ялгаварлан татварын дарамтад оруулж, улмаар зах зээлийн үнэ өсөх, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурах нөхцөл байдлыг бий болгож байна. Энэ нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дээр дурдсан заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг, мөн Тавдугаар зүйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг бүхэлд нь тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргажээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5