505 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалт нь хууль тогтоомж тодорхой байх Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байх ба иргэд хууль, тогтоомж зөрчсөнөөс үүдэх эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан таамаглах, зан үйлээ хуульд нийцүүлэн өөрчлөх боломжийг хязгаарлаж, хувь хүн өөрийн нууцаа хамгаалах, халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 5.Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтооход хэрэглэдэг түгээмэл шалгуур нь тэнцвэрийн зарчим юм. Энэ зарчмын хүрээнд төрийн хууль ёсны зорилгод нийцүүлэн иргэний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлах боломжтой. Холбогдох зохицуулалтыг Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлтээр оруулахдаа хууль тогтоогч уг заалтын зорилгын талаар тухайлан хэлэлцээгүй байна. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбарт иргэний хувийн болон гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, мөн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлж буй бодлогын хүрээнд уг хуулийн заалтыг баталсан талаар тэмдэглэжээ. 6.Эрүүгийн хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр нууц ажиллагаа хийх зэрэг ажилд саад учруулахаас сэргийлэх хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтад тусгасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах төрийн хууль ёсны зорилго мөн байна. Харин энэ зорилгын хүрээнд хувь хүний нууц болон мэдээллийг цуглуулах, дамжуулах, нууцаар олж авахад чиглэсэн хөндлөнгийн халдлагаас хамгаалах иргэний эрхийг хуулиар хязгаарласан нь хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад заасан халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хамгаалалтад иргэн өөрийн гэр бүл, захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлаа хууль бус халдлагаас хамгаалах болон хуулиар хамгаалуулах эрхтэй. Энэ нь хувь хүн, бусад этгээдээс гадна төрийн байгууллага, албан тушаалтны халдлагаас сэргийлэхтэй холбоотой зохицуулалт юм. Иргэний хувийн халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан нь хүний эрхэм чанарыг дээдлэхтэй
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5