415 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Хууль тогтоогчоос баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь тухайн Үндсэн хуулийн эх бичвэр, үнэт зүйл, эрхэм зорилгыг удирдлага болгосноор Үндсэн хуулийн дотоод нийцлийг алдагдуулахгүй байх, Үндсэн хуулийн зүйл, заалтууд өөр хоорондоо зөрчилдөөнгүй байх, ард түмний хүсэл зоригийг эрхэмлэн хамгаалж, үндэсний эрх зүйн тогтолцооны нэгдмэл цогц байдлыг хангах боломжийг бүрдүүлнэ. Уг үзэл санаа нь орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн Үндсэн бүтцийн онолын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг чиг хандлага болно. Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх шаардлагыг хуульчилжээ. Иймд маргааныг дахин хянан шийдвэрлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхгүй гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 3/06, 2015 оны 17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон эрх зүйн тодорхой байдлыг бий болгох нь зүйтэй байна. 4.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэж заасны дагуу Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа нь Ерөнхий сайдын бүрэн эрх эхэлж, дуусгавар болохтой шууд хамааралтай байх, Ерөнхий сайд Засгийн газрыг бие даан бүрдүүлэх, Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд болон тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн биелэлтийг хариуцахаа илэрхийлж гарын үсэг зурах зэрэг зохицуулалтыг хуульчилж, Засгийн газар танхимын зарчмаар үйл ажиллагаагаа явуулах суурь үзэл баримтлалыг тусгажээ. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх суурь үзэл баримтлалыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, агуулгын хүрээнд нийцүүлэн баталгаажуулан бэхжүүлжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5