Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

410 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийг анх батлах үед Улсын Их Хурлын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулан нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн замаар оруулсан байдаг. 1992 онд 2.1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж 1 гишүүн дунджаар 42.7 мянган хүн амыг төлөөлөх болсон байна. Энэ нь манай улсын нэг Улсын Их Хурлын гишүүн Бүгд Найрамдах Эстони Улсын парламентын гишүүнээс 3.4 дахин их, Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсаас 4.6 дахин их, хүн амын тоо ойролцоо Бүгд Найрамдах Армен Улсаас 1.8 дахин их иргэдийг төлөөлж байгаа юм. Тиймээс судлаачид Улсын Их Хурлын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан, төлөөллийн зарчмыг илүү сайн хангуулах үүднээс нэмэх, цаашид Үндсэн хуулийн хүрээнд уг асуудлыг авч үзэх бодит шаардлага бий болсон гэж үздэг. Үндсэн хуулийн эрх зүйн онолын хувьд сонгодог парламентын засаглалтай улсад улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо гол үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэхэд улс төрийн сонгуулийн тогтолцоо, түүний үр дүнд гарч ирэх хүчнүүдийн харьцаа чухал нөлөөтэй. Сонгуулийн холимог тогтолцооны үед улсын төрийн нам парламентад олонхийг бүрдүүлж чадаагүй үед суудал авсан намууд эвсэх, эвслийн Засгийн газар байгуулан ажиллах нөхцөл байдал үүснэ. Улс төрийн энэ нөхцөлд суудал авсан улс төрийн намуудаас намын лидерүүд нь гүйцэтгэх эрх мэдлийн бүрэлдэхүүнд орж шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох зайлшгүй шаардлага бий болно. Энэ үед хавсран гүйцэтгэхэд тавигдах тоон шаардлагыг биелүүлэхэд тодорхой хүндрэлүүд үүсэж болно. Улмаар ээлжит улс төрийн тогтворгүй, хямралт байдал руу оруулах, Засгийн газрыг огцруулах таагүй үр дагаврыг бий болгоно. Улс төрийн хүчтэй нөлөө бүхий гишүүдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахын тулд парламентын гишүүний бүрэн эрхээс татгалзах, дахин сонгууль явуулах, энэ нь парламент дахь улс төрийн хүчний харьцаа, олонхи, цөөнх байхад нөлөөлөх зэрэг эцсийн дүнд улс төрийн тогтворгүй орчныг бий болгох эрсдэлтэй. Судлаачид Улсын Их Хурлын гишүүдийн тоо 120-150 байх ёстой гэж үздэг. Ингэхдээ иргэдийн төлөөллийг тэгш хангах, мөн газар нутгаа төлөөлөх гэсэн хоёр асуудлыг аль алиныг хангасан Үндсэн хуулийн тогтолцоог сонгох шаардлагатай талаар олон судлаачид үзэж, энэ талаар нэлээдгүй судалгаа хийгдсэн байна. ...

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5