374 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт /цаашид “өмгөөлөгчийн шалгалт” гэх/-д тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.”, 7.2 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид “Өмгөөлөгчдийн Холбоо” гэх/-нд гаргана. ...” гэж хуульчилсан бөгөөд өмгөөлөгчийн шалгалтад шүүгчээр ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан хуульчийг оруулахгүй байх, түүнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх өгөхгүй байхаар зохицуулаагүй, хуульчлаагүй. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулж буй гол хууль болох Өмгөөллийн тухай хуульд бүх хуульч нарт өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор хуульчилсан байхад Монгол Улсын шүүхийн тухай хуульд Өмгөөллийн тухай хуультай илт харшилсан, Үндсэн хуультай нийцээгүй хуулийн зүйл, заалтыг баталсан нь хууль бус юм. Мөн салбар хуулийн үзэл санаанаас гажсан, ойлгомжгүй байгааг дурдъя. Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Энэхүү шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийн нэр хүнд “шүүгч”-тэй холбоотой билээ. Шүүгчийн ёс зүйн олон улсын стандарт болох Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудын 1.6-д “Шүүгч шүүхийн стандартыг хэрэгжүүлэхдээ бусдад үлгэр дууриал болохуйц байж шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэн шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ.” гэж, 3.2-т “Шүүгч өөрийн үйл ажиллагаа, зан байдлаар бусдын шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой ажиллана.” гэж шүүгч өөрийн үйл ажиллагаагаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, хангахад чухал үүрэг, оролцоотой байх талаар зохицуулжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5