Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

338 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрхийг хуулиар хамгаална.” гэж тус тус заасан байдаг. Олон хэвшил бүхий чөлөөт эдийн засгийн харилцаанд оролцогч байгууллага /хуулийн этгээд/ бүрт үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан “тухайн байгууллагын нууцлах зүйл”-ийг өөрөө тогтоох эрхийг олгосон бөгөөд нууцлахыг хориглох мэдээллийн хүрээг хуульчилж өгсөн байна. Төрийн болон албаны нууцын тухай хууль батлагдахаас өмнө Байгууллагын нууцын тухай хуулийн дагуу төрийн байгууллага “байгууллагын нууцаа” өөрөө тогтоодог байсан бөгөөд нууц хамгаалах журмыг мөн адил өөрөө тогтоож мөрддөг байсан. Энэ нь төрийн байгууллагын нууцыг тодорхой бус болгож, байгууллага бүр өөрийн дур зоргоор зохицуулах боломжийг олгосон. “Төрийн байгууллага” гэдэг нь бусад байгууллага, хуулийн этгээдээс онцлогтой, хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилладаг тул төрийн байгууллагын “байгууллагын нууц”-ыг Байгууллагын нууцын тухай хуулиар биш Төрийн болон албаны нууцын тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуульд төрийн байгууллагын “байгууллагын нууц”-ыг “албаны нууц” гэж нэрлэсэн бөгөөд төрийн байгууллага бүрийн албаны нууцад хамаарах мэдээллийг байгууллага бүрээр нэрлэн заах бодит боломжгүй тул 1995 онд баталсан Байгууллагын нууцын тухай хуульд хэрэглэсэн “эрх шилжүүлэх” зарчмыг баримтлан асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр албаны нууцын жагсаалтыг баримтлахаар хуульчилсан. Энэ эрхийг байгууллагын удирдлага дур зоргоор эдлэхээс сэргийлэн албаны нууцыг тогтооход баримтлах шалгуур, зэрэглэл, хугацаа, ил болгох журам зэргийг хамт хуульчилсан. Тухайлбал, албаны нууц гэдгийг тодорхойлсон; албаны нууцын зэрэглэл, шалгуурыг хуульчилсан; нууцлах хугацааг тодорхой заасан; нууцлах журмыг хуульчилж, албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд “нууц” тэмдэглэгээ хийхийг хориглосон; ил болгох журмыг хуульчилсан; албаны нууцын жагсаалтыг батлахад тагнуулын байгууллагын саналыг авах зэрэг. Төрийн байгууллага өөрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “албаны нууцын жагсаалт”- ыг батлахдаа Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, иргэний мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хуулийн шаардлагыг тус тус дагаж мөрдөнө.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5