Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

309 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Уг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн Дөрөв дэх Шүүх эрх мэдлийн хэсэгт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг хараат бусаар бүрдүүлэх үзэл баримтлалтай нэмэлт, өөрчлөлт орсон. Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэлийг ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог шинээр нэмэлт оруулан байгуулсан нь шүүх эрх мэдлийн сахилга, хариуцлагыг Үндсэн хуулийн түвшинд авч зохицуулсан явдал юм. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалтай төрийн тэргүүний хувьд бүрнээ санал нэгдэж буй бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоолыг батлан гаргаж, тогтоолд тусгагдсаны дагуу Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлан гаргаж, 2021 оны 3 дугаар сарын01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлтэй холбоотой шинэтгэл эхлэх эрх зүйн боломж нээгдсэн. Гэвч уг хуультай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Е/11 дүгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай хүсэлт гаргаж, түүний үндсэн дээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гарч, тус дүгнэлтийг Улсын Их Хурал 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор хүлээн авахаас татгалзсан. Энэ нь цаашид уул асуудлыг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх хүртэл шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх асуудлыг гацаанд оруулаад буй билээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5