305 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 41 дүгээр тогтоол гаргасан бөгөөд анх удаа үндэслэлээ тусган ирүүлсэн байна. Уг тогтоолд дараах үндэслэлийг дурджээ: “Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалыг харгалзан үзээгүй талаар: Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Монгол Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна” гэсэн агуулгатай байсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад өөрчлөлт орсон хэдий ч Улсын Их Хурал томилох агуулга нь өөрчлөгдөөгүй юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж томилохыг үүрэгжүүлсэн зохицуулалт байхгүй, харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилохыг хоёрдмол утгагүй хуульчилсан юм. Нээлттэйгээр нэр дэвшүүлэх гэдэг зохицуулалт нь аливаа институц, албан тушаалтны зүгээс хэн нэгэн хүнийг санал болгохгүй гэдэг утгыг агуулж байгаа төдийгүй олон нийтийг тэгш оролцох боломжоор хангана гэсэн агуулга юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5