302 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцэд хандан 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Е/11 дүгээр албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх асуудлаар хүсэлт гаргасан бөгөөд мөн оны 3 дугаар сарын11-ний өдрийн Е/18 дугаар албан бичгээр уг хүсэлтээ дараах агуулгаар өөрчлөн ирүүлсэн: “1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.” гэсэн хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...” гэсэн хэсэг, 95 дугаар зүйлийн 95.5 дахь хэсгийн хоёр дахь өгүүлбэр, мөн зүйлийн 95.7 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсэг, Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад тус тус нийцэхгүй байна. 2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэгт эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэн, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болохоор зохицуулсан нь хүрсэн түвшингээс ухарч буй буруу шийдэл бөгөөд Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй юм. 3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй байна. Үндсэн хуулиар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нь тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгогдсоноор бүрэн эрх нь баталгаажих эрх зүйн үндэслэл байхгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5