Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

262 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ерөнхийлөгчийн бүрэн эрх, халдашгүй байдал, тэдгээрийн баталгааг тогтоох, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн батлах асуудлыг 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх ба үүнийг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд тусгасан болно. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн байна. Тав. Уг маргаанд холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/54, мөн оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1/68 дугаар албан бичигт: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тодорхойлсон. Нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангаж байгаа эсэх талаар Сонгуулийн ерөнхий хороо нь тодорхойлолт, лавлагаа гаргахгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.5 дахь хэсэгт зааснаар холбогдох эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, тодорхойлолт, лавлагааг үндэслэж нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор буюу 2021 оны 5 дугаар сарын 06-аас 08-ны өдрийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Иймд Сонгуулийн ерөнхий хороо нь нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлаар хэзээ дүгнэлт гаргах, шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой хуульчилсан байх тул иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэх асуудлаар урьдчилан байр суурь илэрхийлэх, дүгнэлт гаргах боломжгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5