Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

257 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хэрэв 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараа ч Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс дахин нэр дэвших нь нээлттэй гэж үзээд дахин сонгосон тохиолдолд Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдож байсан хүмүүс нийт 10 жил, Ерөнхийлөгчөөр 2 удаа сонгогдож байсан хүмүүс нийт 14 жил ажиллах үр дагавар үүснэ. Ерөнхийлөгчөөр 10, 14 жилээр ажиллахыг зөвшөөрөх нь Ерөнхийлөгчөөр 8 жилээс илүү хугацаагаар ажиллахгүй гэх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал зөрчигдөнө. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр 8 жилээс урт хугацаагаар ажиллахгүй байх гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хийгдэж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол зөвхөн нэг удаа 6 жилээр ажиллах, үүнээс илүү хугацаагаар ажиллахгүй байх төдийгүй ерөөсөө дахин нэр дэвшихгүй байх агуулгатайгаар батлагдсан юм. ... Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаатай байх, дахин сонгогдоход хязгаарлалт тавих нь ардчиллын ололт юм. Ийм ч учраас ардчилсан улсуудын дийлэнхэд нэг хүнийг Ерөнхийлөгчийн зөвхөн нэг, эсхүл хоёр бүрэн эрхийн хугацаанаас илүүгээр ажиллахыг засаглалын хэлбэр үл хамааран хориглодог жишигтэй. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад Холбооны Улсын Ерөнхийлөгчид “эрх мэдэл төвлөрөхөөс зайлсхийх зорилгоор” зөвхөн нэг удаа дахин сонгогдохыг зөвшөөрдөг. Ерөнхийлөгчөөр хоёроос илүү бүрэн эрхийн хугацаагаар ажиллахыг хориглодог (Финландын Үндсэн хуулийн 54, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Үндсэн хуулийн 54.2, Эстонийн Үндсэн хуулийн 80), эсхүл Ерөнхийлөгчөөр зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж дахин сонгогдохыг хориглодог (Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн 70, Израилын Үндсэн хуулийн З.а, З.b). Ардчилсан бус дэглэмтэй улсуудад ерөнхийлөгч нь гурав, түүнээс дээш бүрэн эрхийн хугацаагаар, эсхүл хэт олон жилээр ажиллах явдал гарч хурцаар шүүмжлэгддэг. Хэдэн бүрэн эрхийн хугацаанд сонгогдож болох вэ гэдэг дээр хязгаарлалтыг тогтоож өгөөгүй тохиолдолд Ерөнхийлөгч нь авторитар дэглэм дор дахин дахин сонгогдох орчныг бүрдүүлэхийн тулд эрх мэдлээ урвуулан ашиглах хүсэлдээ автахаас өөрийгөө байнга сэргийлэх боломжгүй тул ийм хязгаарлалт тогтоож өгснөөр байнга сонгогдох явдлаас урьдчилан сэргийлж байгаагаараа ач холбогдолтой.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5