Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

251 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл одоо ажиллаж байгаа хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхийг олгосон байна. Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид “тавин нас хүрсэн”, “сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан”, “Монгол Улсын уугуул иргэн” гэсэн 3 шаардлага тавигдаж байгаа бөгөөд эдгээр шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр одоо ажиллаж байгаа хүн хангах нь нэн тодорхой юм. Тиймээс Монгол Улсын иргэнийг “Ерөнхийлөгчөөр ... зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн журмыг огт авч үзээгүй, нэг удаа сонгогдсон хүнд дахин нэр дэвших боломжийг шууд олгох үр дагавар бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсгүүд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг илэрхий зөрчсөн гэж үзэж байна. Иймд Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах онцгой бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, холбогдох арга хэмжээг авч өгнө үү.” гэжээ. Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн О.Мөнхсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд: “Хэрэг, маргааныг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуулийн болон бусад хуулийн заалтыг тайлбарлахад (1) хэл зүйн арга, (2) логик арга, (3) зорилтот арга, (4) түүхчлэх арга, (5) системчлэх арга хэрэглэхийг Монголын эрдэмтэд, хуульчид нийтлэгээр санал болгодог. Эдгээр арга нь онолын хувьд төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг. Эдгээр таван аргын алийг нь ч хэрэглэн уншвал 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнд Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглодог гэсэн дүгнэлт гарна. Учир нь: 1.Хэл зүйн тайлбараар, Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн текстэд “Ерөнхийлөгчөөр ... зөвхөн нэг удаа сонгоно.” гэж хоёрдмол утгагүй, тодорхой, илэрхий агуулгаар заасан.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5