174 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж; Арван зургадугаар зүйлд иргэний салгаж үл болох үндсэн эрхийг баталгаажуулахдаа 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;” гэж тус тус заасан. ... Сонгууль нь парламент ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болохын хувьд тэднийг төлөөлөх эрх олж авахын тулд тогтмол тодорхой хугацаанд явагдаад дуусдаг, парламентын цөөнхөд олонх болох боломж олгохоос гадна, иргэд өөрсдийгөө төлөөлүүлж сонгосон парламентын гишүүнтэй хариуцлага тооцох эсэх боломжийг бүрдүүлэх зорилго бүхий ардчиллын үндсэн элементийн нэг гэж сонгуулийн эрх зүйд үздэг бөгөөд төрийн эрхийг барилцах, эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлэх үйл ажиллагаа юм. Ийм учраас нэр дэвшигч нь хуульд заасан болзол, шалгуурыг хангаж “сонгуульд нэр дэвшигч” болсон мөчөөс эхлэн тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, улс төрийн зүй бус нөлөөлөлд өртөхгүй байх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага өөрийгөө эмхлэн зохион байгуулахад шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн зохисгүй үйлдлээс сэргийлэх шаардлага тавигддаг тул сонгуульд нэр дэвшин оролцож буй этгээдэд улс орнууд “нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа”-г хуулиар тусгайлан тогтоож өгдөг. Харин аль ч улс оронд энэхүү тодорхой хугацааны тэгш, шударга өрсөлдөөний боломжийг бүх талаар бүрдүүлж, сонгуулийг зохион явуулдаг хараат бус байгууллага байх бөгөөд энэ нь сонгуулийн төв байгууллага байна. Монгол Улсын хувьд Улсын Их Хурлаас 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Сонгуулийн ерөнхий хороо /цаашид “Хороо” гэх/ нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5