106 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт прокурор нь эрх бүхий албан тушаалтнаас зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзвэл шүүхэд дүгнэлт гаргаж, анхан шатны журмаар хэлэлцүүлэх, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эсэргүүцэл гаргахаар заасан. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг улсын байцаагчийн эрх бүхий төрийн захиргааны албан тушаалтан хэрэгжүүлдэг боловч онцлог бүхий тусгай журмаар хэрэгжүүлж /Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль/, эцэст нь зөрчил үйлдсэн этгээд буюу хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах эсэх шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь захиргааны байгууллагаас хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа биш харин хууль зөрчсөн этгээдийг олж тогтоох, зохих хариуцлагыг оногдуулах, учирсан хор хохирлыг арилгахад чиглэдэг. Иймд зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл хүлээлгэхтэй холбоотой маргааныг захиргааны байгууллага босоо тогтолцооныхоо дагуу эцэслэн шийдвэрлэх бус Үндсэн хуульд заасан гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох зарчмын дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, прокурор эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавина гэж тусгайлан зааж өгөөгүй ба шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн чиг үүргийг эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоно гэж ойлгоно. Прокурор хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Прокурорын тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн, эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавих гэсэн 2 хэлбэрээр хэрэгжүүлэн ажилладаг. ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын шүүхэд “дүгнэлт, эсэргүүцэл” гаргах эрх нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулахтай холбоотой гаргасан шийдвэрийг прокурор шүүхээс өмнө заавал хянаж үзэх зохицуулалт биш, харин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналтыг хэрэгжүүлэгч нэг субьект болохын
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5