Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

616 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэж заажээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт баривчлах шийтгэлийг зөвхөн шүүгч ногдуулахаар журамласан ч хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.” гэж заасан байна. Энэ нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэдэг, хараат бус, бие даасан тогтолцоо болох шүүх бус харин мэргэжлийн бус хүн иргэнийг захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр эрх чөлөөг нь хязгаарлаж баривчлах шийтгэлийг ногдуулахад хүрч байна. Хэдийгээр хуулийн 18 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэж заасан ч энэ нь баривчлах шийтгэвэр бодитой, хууль ёсны байж, хүнийг үндэслэлгүйгээр хорихгүй гэх баталгаа болж чадахгүй юм. Учир нь тухайн Засаг даргын баривчлах шийтгэл ногдуулсан шийтгэвэр, түүнтэй холбоотой материалтай шүүгч танилцаж байгаа процесс нь зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчил гаргасан этгээдээс авсан тайлбар зэрэг баривчлах үндэслэл болсон бичмэл баримтуудын хүрээнд л хязгаарлагдаж байгаагаас энэ нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх боломжийг хязгаарлаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгч аль нэг сумын Засаг даргын баривчлах шийтгэл ногдуулсан захиргааны шийтгэврийг тал бүрээс нь бүрэн гүйцэд судалж, шийдвэрлэх боломжгүйгээс эцсийн дүндээ сумын Засаг даргын гаргасан шийтгэврээр захиргааны зөрчил гаргасан үндэслэлээр иргэнийг баривчилж, тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлан, эрх чөлөөг нь хязгаарлахад хүрч байна. “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд 3 хоногийн дотор хүргүүлнэ.” гэсэн дээрх заалтаар бол Засаг даргын гаргасан шийтгэврийг шүүх хянаж, шийдвэрлэх боломжтой, эцсийн шийдвэрийг шүүгч гаргана гэж харахаар. Гэвч хэн нэгний бичсэн тэмдэглэл, тайлбар зэргийг л үндэслэн хэргийг хянахаар журамласан хуулийн ганцхан заалт шүүгчид бус харин Засаг даргад иргэнийг баривчилж, хорих эрхийг олгож байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5