Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

610 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь өмгөөлөгчөөр ажиллах бол багшлах, эрдэм шинжилгээний хуулийн этгээд, өмгөөллийн хуулийн этгээд, түүнчлэн Хуульчдын холбоонд хамаарахаас бусад аливаа ажил, албан тушаалыг эрхлэх боломжгүй болсон байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтаар баталгаажсан хүний эрхийг зөрчсөн байна. Аливаа улсын иргэн нь тухайн улсынхаа төрийн болон төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа бол тухайн иргэний зарим эрхийг хязгаарлаж, харин түүний оронд нь төрөөс цалин хөлс болон нийгмийн бусад аливаа халамж, боломжийг бусад хүнээс илүүтэй олгодог нийтлэг жишиг байдаг. Энэ нь төр ба түүний нийтийн эрх зүйн үйл ажиллагааны онцлог, шалтгаан, хараат бус байх шаардлагатай урган гардагтай холбоотой байдаг билээ. Дээр дурдсан хязгаарлалт нь хуульд зааснаар болон гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа зарим хүнд ч хамааралтай байдаг. Тухайлбал манай улсад төрийн чиг үүргийг хуульд заасны үндсэн дээр хэрэгжүүлж байгаа нотариатч иргэний тухайд дээр дурдсан хязгаарлалт хамааран үйлчилдэг. Тухайлбал Нотариатын тухай Монгол Улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нотариатч багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Харин өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн туслалцаа үзүүлж, шүүхийн өмнө өмгөөлөл үйлдэхдээ хууль бусаас бусад төрлийн үйлдлийг өмгөөлүүлж байгаа этгээдийн ашиг тусын тулд хийх боломжтой байдаг. Өмгөөлөгч нь зөвхөн өмгөөлүүлж байгаа этгээдийн өмнө эрх эдэлж, үүрэг хүлээн, өмгөөлөл үйлдсэнийхээ төлөө тухайн этгээдээс үйлчилгээний хөлсийг харилцан тохиролцсоноор хүлээн авдаг ба төрөөс ямар нэг цалин хөлс, урамшуулал нийгмийн хамгаалал авдаггүй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5