580 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 10 дугаар сарын 18-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 54 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Ц.Мөнхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “Монгол Улсын Их Хурлаас 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан байна. Энэ хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргахгүй байхаар хуульчилжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй ...” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах хуулийн шаардлагыг хангасан ялтан холбогдох шүүх хуралдаанаас түүнийг “тэнсэн суллахгүй” гэсэн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн, мөн шүүхийн шатанд процессын журам зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэртэй бусад байдлаар санал нийлээгүй тохиолдолд Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ хангуулах, зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжийг хаасан заалт болжээ. Нөгөө талаар, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200-А тогтоолоор баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон Улсын пакт”-ын 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ямар нэгэн гэмт хэрэгт шийтгүүлж ял заагдсан хүн бүр ... хуулийн дагуу дээд шатны шүүхэд давж заалдах эрхтэй” гэж заасан агуулгад нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт “... давж заалдах гомдол гаргаж болохгүй ...” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “ ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй ...” гэсэн заалттай харшилж байгаа тул уг асуудлыг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5