86 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Биднийг хуульчийн сонгон шалгаруулалт өгөх үед мөрдөгдөж байсан хуулиар мэргэжлээрээ ажилласанд тооцогдсон хугацааг шинэ мөрдөж эхэлсэн хуульд мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд хамааруулан тооцсон нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар Хуульч болсон нийт хуульчдын эрх ашгийг хөндсөн, хязгаарласан шийдвэр болсон байна. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Шүүгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:”, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3-т “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэх мэт мэргэжлээрээ ажилласан хугацааг шалгуур болгосон хэд хэдэн заалт байгаа бөгөөд бидний хувьд цаашдаа шүүгчээр ажиллах хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүйд хүрч, эрх ашиг маань зөрчигдөж байна. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн тухайд: Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангаж, мэргэжлээрээ ажилласан хугацаанд тооцогдон хуульчийн гэрчилгээ авсан этгээдүүдийг эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий хуулийн заалт нь Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд зааснаар зохицуулагдаж хуульчийн гэрчилгээ авснаар нэгэнт дуусгавар харилцаанд буцаж үйлчилж байгаа нь эрх үндсэн зарчимд нийцэхгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5