672 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар заасан нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр иргэдийн эрх ашгийг хамгаалахаар төлбөр аван ажиллаж буй өмгөөлөгч нь мэргэжлийн алдаа гаргавал эрх нь зөрчигдсөн үйлчлүүлэгч тухайн өмгөөлөгчийн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн эд хөрөнгөнөөс нь хохирлоо гаргуулах боломж бий болгож, нэг талаараа иргэдийн эрх ашгийг хамгаалсан, нөгөө талаараа өмгөөлөгчийн хариуцлагыг сайжруулах зорилготой зохицуулалт тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 2. Хувийн аж ахуй эрхлэх эрх нь өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнээс илүү бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ бий болгож түүнийгээ бусдад худалдах замаар өөртөө ашиг олох үйл ажиллагааг хэлж болно хэмээн мэдээлэл гаргагч дурдсан байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр явуулна гэсэн заалт нь иргэний өөртөө ашиг олох үйл ажиллагааг хаасан зохицуулалт биш бөгөөд нөхөрлөл нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан ашгийн төлөө хуулийн этгээдийн нэг хэлбэр юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасан. Монгол Улсын нэгдэн орсон 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон Алагчлахгүй байх (ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2-т “Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг “алагчлах” хэмээх ойлголтод хамааруулахгүй” гэж зааснаас үзэхэд тодорхой ажил, албан тушаал, мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хуулиар зарим хязгаарлалт, нэмэлт шаардлага, шалгуур тогтоож болохоор байна. Өмгөөллийн үйл ажиллагаа нь нэг талаараа ашгийн төлөө үйл ажиллагаа боловч нөгөө талаараа хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн өмнө сэргээн тогтоох, хамгаалахад чиглэгдсэн үйлчилгээ үзүүлдэг онцлог чиг үүрэг бүхий ажил, мэргэжил болохын хувьд түүнд хуулийн тусгай зохицуулалт, хязгаарлалт байх ёстой.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5