671 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нөхөрлөлийн гишүүд буруутай үйл ажиллагаа явуулсан тохиолдолд нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг, харин компанийн хувьцаа эзэмшигч компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдсан тохиолдолд зөвхөн хувь нийлүүлсэн хэмжээгээр хариуцлага хүлээдэг учир хууль тогтоогчийн зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн Үндсэн хуулиар заасан эрх, эрх чөлөөг бүрэн хангах үүднээс Өмгөөллийн хуулийн этгээдийг нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр иргэдийн эрх ашгийг хамгаалахаар төлбөр аван ажиллаж буй өмгөөлөгч нь мэргэжлийн алдаа гаргавал эрх нь зөрчигдсөн үйлчлүүлэгч тухайн өмгөөлөгчийн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн эд хөрөнгөнөөс нь хохирлоо гаргуулах боломжийг бий болгож, өмгөөлөгчийн хариуцлагыг сайжруулж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар “хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь” Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд энэ эрхийн хүрээнд Нөхөрлөлийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан.” гэсэн байна. Гурав. Уг маргаантай холбогдуулан Монголын хуульчдын холбооноос Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн тайлбарт: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Уг заалтын дагуу иргэдийнхээ эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хууль зүйн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд төрийн зүгээс тодорхой шаардлага болоод хяналт тавих үүрэгтэй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Хуульч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан эрхэлж болно” гэж заасан бөгөөд энэ нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг ямар ч хэлбэрээр явуулж болох эрхийг нь хязгаарлаагүй юм. Гагцхүү хуулийн 36.1 дэх хэсэгт заасан хэлбэрүүдээс “хуулийн этгээд” байгуулан мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр байгуулах шаардлагыг төрийн зүгээс тавьсан байдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5