669 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Өмгөөллийн нөхөрлөлийн бүртгэлийн талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт “Өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор аж ахуйн нэгжийн төрөл, оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг Хуульчдын холбоонд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүрд бичгээр Хуульчдын холбоонд мэдэгдэнэ”, Нөхөрлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхөрлөл хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авна.” гэж тус тус заасанчлан Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан Бүртгэлийн нэгдсэн журмын дагуу өмгөөллийн нөхөрлөлийг бүртгэн гэрчилгээ олгон ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын байдлаар нийт 127 өмгөөллийн нөхөрлөл бүртгэлтэй байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. ...” гэж тус тус заасан байдаг. Хуульч мэргэжил нь Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон дээрх эрхийг баталгаатай, чанартай эдлүүлэх зорилготой юм. Энэхүү шинжээрээ бусад ашгийн төлөө бизнесийн үйл ажиллагаанаас ялгагддаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн ажиллагаа нь нэг талдаа ашгийн төлөө үйл ажиллагаа ч нөгөө талдаа Монгол Улсын Үндсэн хуулиар заасанчлан төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцсан нийтлэг эрхийг хамгаалах үүрэг юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5