668 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч, иргэн Э.Түмэнбаяр, Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суугч, иргэн Б.Билгүүн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээд /цаашид “өмгөөллийн хуулийн этгээд” гэх/-ийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна.” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь иргэнд Үндсэн хуулиар хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрхийг олгосон байхад ердийн хуулиар энэхүү эрхийг хязгаарлан аж ахуй эрхлэх хэлбэрээ өөрөө сонгох боломжийг хаасан байна. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйл ажиллагааг хамтран эрхлэхдээ иргэд хуулийн этгээдийн аль хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэхээ сонгох боломжийг хязгаарлаж, хувийн аж ахуй эрхлэхдээ зөвхөн хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой гэж аж ахуй эрхлэх хэлбэрийг шууд зааж өгсөн нь Үндсэн хуульд заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчиж байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн эсэхийг шийдвэрлэж өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт “Өмгөөллийн хуулийн этгээдийн оноосон нэрийн урд “өмгөөллийн” гэсэн үгийг заавал хэрэглэнэ.” гэж заасан нь, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Хуульч нь энэ хуулийн 24.1-д заасан мэргэжлийн үйл ажиллагааг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан эрхэлж болно.” гэж заасны дагуу хуульчийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж ашиг олохыг хориглоогүй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан “хувийн аж ахуй эрхлэх” эрхийг хязгаарлаагүй бөгөөд зөвхөн ашиг олох явцдаа хуульчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагын стандарт баримтлахыг үүрэг болгосон юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5