62 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалуулах эрхтэй” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд хувь хүний нууц бол хүний халдашгүй эрх мөн бөгөөд энэ эрх нь зөрчигдсөн тохиолдолд Иргэний хуулийн 21.4-т заасан ёсоор хуульчилж тогтоосон хувийн нууцад хамааралтай мэдээг өөрийнх нь зөвшөөрөлгүй тарааснаас гэм хор учирсан гэж үзвэл иргэн гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй. Түүнчлэн хувь хүний нууцыг задруулсан бол холбогдох хуулийн дагуу захиргааны улмаар Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэдэг. Энэхүү эрх зүйн механизм нь Үндсэн хуулийн дээр дурдсан зохицуулалтыг практикт хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл болох билээ. Мэдээлэл гаргагч мэдээлэлдээ “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчин” гэдэгт ямар өвчин хамаарч байгаа, тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол багтаж буй эсэх нь тодорхойгүй” гэжээ. Нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчний жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоодог бөгөөд тэдгээрт хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол хамаарахгүй. Харин Монгол Улсын хууль тогтоомжид энэ зохицуулалт тодорхой тусгагдаагүй билээ. 1995 онд баталсан Хувь хүний нууцын тухай хуулийн 2 дугаар зүйлд заасанчлан Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хувь хүний нууц хэмээн ойлгоно. Түүнчлэн “хувь хүний эрүүл мэндийн нууц” нь зөвхөн дээр дурдсан хуулийн зохицуулах зүйл биш билээ. Учир нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалсан бөгөөд түүний талаарх мэдээллийг задруулахыг хориглосон заалтыг илүү нарийвчилсан зохицуулалттай хууль буюу Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай шинэчлэн найруулсан хуульд тусгажээ. 3. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тухайд: Хүний эрх, эрх чөлөө нь бүх хүнд адил заяасан төрөлх шинжтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын анхдагч үүрэг болдог байна. Монгол Улс хүний эрхийг хамгаалах төрийн бүтэц болох хүний эрхийн хэрэгжилтийг хянах бие даасан механизм буюу Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссыг байгуулсан. Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх бие даасан хараат бус захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо бүрэлдэн төлөвшиж хүний эрхийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5