604 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар: Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгоход ямар нэг хязгаарлалт агуулаагүй тул Сонгуулийн тухай хуулийн уг хэсэг, заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй болно. Мөн дээрх хэсэг, заалт нь сонгогчийн саналаа нууцаар гаргахад нь хамааралгүй билээ. Уг хуулийн зохицуулалт сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Их Хурлын гишүүнийг ... шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ... сонгоно.” гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн 3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох иргэний Улсын Их Хуралд нэр дэвших насны доод хязгаарыг тогтоосон бөгөөд нэр дэвшиж буй нэр дэвшигч олонхийн болон хувь тэнцүүлсэн сонгуульд оролцох үед 25 нас хүрсэн байх хязгаар юм. Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулиар Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгоно” гэж заасан. Ингэхдээ хувь тэнцүүлсэн тогтолцооны дагуу нэр дэвшүүлэхэд мөн 25 нас хүрсэн нэр дэвшигчийг жагсаалтаар эрэмбэлж, Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байх зарчмаар сонгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэснийг зөрчөөгүй болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5