390 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Үндсэн хууль болон холбогдох хуулиар баталгаажуулсан дээрх зарчмын хүрээнд, түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. ...” гэж заасны дагуу Засгийн газрын бүрэлдэхүүнийг санал болгох, түүнд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын шинэ гишүүнийг томилох асуудалд Ерөнхий сайдын санал шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүй буюу түүний саналгүйгээр Улсын Их Хурлын нэг гишүүний саналыг үндэслэн Улсын Их Хурал шууд хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт бүрдүүлсэн байгаа нь эрх мэдэл хуваарилах болон танхимын зарчмын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалыг алдагдуулан, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, улмаар Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. ...”; Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. 4. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн шийдвэрийн үндэслэлийг заагаагүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5