361 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмыг тунхаглаж, үүний баталгаа болгон эрх, үүрэг хариуцлагыг тогтоохдоо, шүүх хуулийг хэрэглэхдээ хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй шалгуурыг нэрлэн заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх эрхийг ямар ч ялгаварлалгүйгээр нь адил тэгш олгосон бөгөөд харин уг эрхийг хүн бүр өөрийн үзэмжээрээ өөр өөр аргаар сонгон хэрэгжүүлэх эрхийг банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг хөндөөгүй гэж үзэж байна. Хууль тогтоогч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах зарчмыг удирдлага болгож, Тавдугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нэг талаас бусдын мөнгөн хөрөнгийг их хэмжээгээр хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох банкны ашиг сонирхол, нөгөө талаас мөнгөн хөрөнгөө хадгалуулж, хүү авч, мөнгөн хөрөнгөө арвижуулах зорилго бүхий иргэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хууль зүйн баталгааг бий болгох зорилгоор Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэгт нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн өмчлөх эрхийг хязгаарлажээ. Дээрх хязгаарлалт нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхах агуулгагүй байна. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, … хувийн аж ахуй эрхлэх эрхтэй.” гэсэн заалтын талаар: Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ойлголт юм. Иргэн хүн тодорхой мэргэжил сонгох нь чөлөөтэйгээр хөдөлмөрлөх буюу ажил, албаа сонгох угтвар нөхцөл юм. Иймд иргэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох нь хуулиар хориглоогүй аливаа ажил мэргэжлийг өөрийн хүсэл зоригийн дагуу эзэмших хууль зүйн боломж, харин хувийн аж ахуй эрхлэх нь иргэн хүн өөрийнхөө аж ахуйд хөдөлмөрлөж, материаллаг баялгийг бий болгон орлого олох хөдөлмөрлөх үйл ажиллагаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5