Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

320 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн А.Базар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ...”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэж заасныг тус тус зөрчиж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд “хууль зүйн асуудлаар аман болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх; хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах; иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх; нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх, үйл ажиллагааг явуулах”-ыг мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг нь хууль тогтоогч хүлээн зөвшөөрч, хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт, шүүхийн шийдвэр, хуулийн төсөл гэх мэт хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулах ажиллагаанд оролцож байгаа Улсын Их Хурлын гишүүн, шүүгч, прокурорын туслахын үйл ажиллагааг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл болохыг хүлээн зөвшөөрсөн боловч субьектынх нь хувьд тэдгээр хүмүүсийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн гэдэгт хамруулаагүй байна. Эрх зүйч, хуульч нь татварын асуудлаар хуулийн этгээдүүдэд хууль зүйн зөвлөгөө өгдөг, татварын байгууллагад төлөөлөх зэрэг үйл ажиллагааг эрхэлж буй нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэгэн төрөл болохыг хуулийн 24 дүгээр зүйлээр хуульчилсан боловч, хуулийн 11 дүгээр зүйлийн дагуу тухайн иргэнийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн бус мэргэжлийн дадлага эрхэлсэн гэх ойлголтод хамруулан хуульчилсан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5