271 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Маргаан бүхий дээрх хуулийн заалтын хувьд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг үнэлэх зорилгыг тодорхой заагаагүй, шүүгч нарыг аль шатны шүүхэд ажиллаж байгаа эсэхээр зааглаж, ялгаагүй, хөгжингүй улсуудад огт байдаггүй Дээд шүүхийн шүүгчдийг үнэлэх болсон зэрэг нь Үндсэн хуульд заасан “шүүгчийн хараат бус байх” зарчмын агуулгад нийцэж буй эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Хоёр. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “... үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл ...” байхаар заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн эрхэм зорилго, үүргийг “гагцхүү” гэсэн нөхцөлийн доор тодорхой заажээ. Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, хуульчдаас шүүгчийг шилж сонгох чиг үүргийг хэрэгжүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчид хариуцлага тооцох эрх хэмжээ ногдуулсан нь зохимжгүй, Шүүхийн багц хуулиар энэхүү чиг үүрэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тусдаа Шүүхийн ёс зүйн хороонд хамаардаг. Мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1985 оны “Шүүхийн бие даасан байдлын суурь зарчмууд” гэсэн баримт бичгийн 18 дахь хэсэгт “шүүгчийг гагцхүү ёс зүйн хувьд тэнцэхгүй болон мэргэжлийн үүргээ гүйцэтгэх чадваргүй тохиолдолд огцруулна” гэж заасан бөгөөд “шүүгч мэргэжлийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй” гэдгийг шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүгчийн албан тушаалыг цаашид хаших боломжгүй байх нөхцөлийг хамруулдаг. Харин шүүгч мэргэжил, ур чадварын хувьд тэнцээгүй, түүнийг сургалтад хамруулж, өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон боловч дахин тэнцэхгүй бол үүнийг “шүүгчийн хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх” шүүгчийн ёс зүйн зөрчил гэж үзэж, шүүгчийн ёс зүйн хороо асуудлыг авч үздэг жишиг байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5