Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

221 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэгдүгээрт, зорилго, бичвэрт нийцүүлэн тайлбарлах аргын үүднээс “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэдгийг дараах агуулгаар ойлгож байна. Үндсэн хуулиас бусад хууль гэснээр Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг Үндсэн хуулийн цэцэд үлдээж, Үндсэн хуулийг тайлбарлах нь бусад хуулиас онцлог болохыг хуульчилсан байна. Хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэхтэй холбоотой маргааныг Үндсэн хуулийн шүүхээс хянан шийдвэрлээд гаргасан дүгнэлт, тогтоолыг Үндсэн хуулийн албан ёсны тайлбар хэмээн үзэх хандлага дэлхийд түгээмэл байна. Ингэж үзвэл Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхээ хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар хэрэгжүүлэх нь онолын хувьд Үндсэн хуулийн үзэл баримтлал, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцэж байна. Үндсэн хуулийн энэхүү заалтын зорилго нь хуулийг нэг мөр ойлгох, хуулийн зохицуулалт тодорхой, хоёрдмол утга санаагүй байх зарчимтай холбоотой бөгөөд Монгол Улсын дээд шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулийн дээрх зорилгод нийцэж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг амьд хууль гэж үзвэл Үндсэн хуулиар хурдацтай хувьсан өөрчлөгдөж, хөгжиж буй нийгмийн харилцааг зохицуулах шаардлагатай. Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдахаас өмнө хуулийн зүйл, заалтыг тайлбарлуулахаар иргэд бусад байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын дээд шүүхээс хуулийн албан ёсны тайлбарыг гаргаж байсан нь хууль тогтоогч Монгол Улс дахь эрх зүйн үзэл, сэтгэлгээний хөгжлийн явцад энэхүү тогтсон уламжлалыг өөрчлөх боломжгүй гэсэн үг биш юм. Харин ч эрх зүйн сэтгэлгээний хөгжилд нийцүүлэн хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож буй нь Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд багтаж байна. Үндсэн хуулиар нийгмийн бүх харилцааг зохицуулдаггүй. Зохицуулах ч боломжгүй. Тиймээс Улсын дээд шүүх хууль тайлбарлахдаа ямар арга хэрэглэхийг Үндсэн хуулиар зохицуулаагүй үлдээсэн. Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргаан шийдвэрлэхтэй холбоогүйгээр гаргах нь шүүх өөрийн чиг үүргийг хэтрүүлэн, дур зоргоор авирлах, хууль тогтоогчийн чиг үүрэгт хөндлөнгөөс оролцох нөхцөлийг бүрдүүлснээр эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй юм. Яг энэ шалтгаанаар зарим улсад Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5