220 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэрэв энэ тайлбар хуульд харшилбал Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох зохицуулалт байна. б) Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нь Ерөнхий шүүгч, хорин дөрвөөс доошгүй шүүгчээс бүрдэнэ.” гэж тус тус заасан нь тухайн шүүхийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон хэм хэмжээ болохоос бус шүүхийг төлөөлөх бүрэн эрх, шийдвэр гаргах бүрэлдэхүүн, ирцийг илэрхийлсэн зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалт нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хуульчилсан болохоос бус Улсын дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж тайлбар гаргах гэсэн зохицуулалт биш юм. в) Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад ““шүүх” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг;”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүх нь шүүн таслах ажлын төрлөөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх иргэн, эрүү, захиргааны хэргийн дагнасан танхимтай байна.” гэж тус тус зааснаас үзвэл Улсын дээд шүүхийн аль нэг танхим нь харьяалах тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Холбогдох хуулиудын зохицуулалтын хүрээнд тодорхой хэрэг, маргааныг шүүгч дангаар болон бүрэлдэхүүнтэй шийдвэрлэснээс үл хамааран шийдвэр нь тухайн шүүхийн шийдвэр байж, нэгдсэн дугаарлалтад орж Монгол Улсын нэрийн өмнөөс гардаг.” гэжээ. Шинжээч доктор, дэд профессор Д.Гангабаатар Үндсэн хуулийн цэцэд дараах дүгнэлтийг гарган ирүүлсэн байна. Үүнд: “Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэснийг тайлбарлая.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5